воскресенье, 17 ноября 2013 г.

ОРХАН ПАМУК




Өдгөө дэлхий дахиныг шуугиулж буй Туркийн зохиолч Орхан Памук Стамбул хотноо 1952 онд мэндэлжээ. Тэрээр 22 настайгаасаа эхлэн бичиж эхэлсэн гэдэг.
Улмаар 1985 онд туурвисан “Цагаан цайз” хэмээх түүхэн роман нь олноо алдаршуулж, “Дорно дахинаас төрсөн сод авьяастан” хэмээгдэх болжээ.
Туркийн Засгийн газар 1998 онд Памукт “Ардын уран зохиолч” цол олгосон хэдий ч тэрбээр курдуудын эсрэг хэрэгжүүлэх улс төрийн бодлогыг эсэргүүцэх сэтгэлээ илэрхийлэн татгалзжээ. Исламын иргэншил бөгөөд барууны соёл иргэншлийн зөрчлийг өгүүлэх “Галт Улаан” хэмээх алдарт бүтээл нь эх нутагт нь бус Америкт анхлан хэвлэгдсэнд Памук сэтгэл гундуухан явж.
Памук чухамдаа энэ бүтээлээрээ Дублиний утга зохиолын нэр хүндтэй шагналыг хүртсэн нь ерөөсөө утга зохиолын салбарт үнэмлэхүй шан харамж буюу 100 000 евро олгодог үнэ хүндтэй шагнал юм.
Нутаг нэгтнүүдээс эх оронч үзлийг нь хүндлэн хүндэтгэх нэгэн байх ч урвагч хөрвөгч хэмээх нь ч бас бий. 2005 оны 2-р сард Швейцарийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Туркт сая гаруй армянчууд болоод гурван зуун мянган курд үндэстнийг хороосон доо. Энэ тухай сөхөж ярих зүрхтэн зоригтон үгүй бөгөөд ингэж хэлсний минь төлөө намайг үзэн яддаг” хэмээсэн нь Туркийн Засгийн газраас зохиолчийг шүүхэд өгөх ул үндэслэл болжээ. 2006 оны 2-р сард Памукийг эх орноо доромжлон гутаасан хэргээр шүүх байсан боловч хүний эрхийн “Олон улсын давж заалдах байгууллага” болоод Жозе Сарамаго, Габриель Гарсиа Маркес, Гюнтер Грасс, Умберто Эко, Карлос Фуэнтес, Хуан Гойтисоло, Джон Апдайк болон Марио Варгас Льоса нарын нэр нөлөө бүхий найман зохиолч түүнийг өмгөөлж үзэл бодлоо илэрхийлсэнд Туркийн Засгийн газар арга буюу энэ ажиллагааг түдгэлзүүлсэн түүхтэй.
Памукт “Хүн төрөлхтний хоёр соёл иргэшлийн шүтэн барилдлагыг шинэ соргогоор илэрхийлж, төрөлх хотынхоо амин сүнсийг дүрслэн харуулсан”-ых нь төлөө 2006 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртээжээ. Зохиол бүтээлүүддээ Памук энэ хоёр соёл иргэншлийн шүтэлцээ, сөргөлдөөний тухай голчлон өгүүлдэг.
Тэрбээр өөрийгөө үнэн мөнийг эрэлхийлэх Найпол хийгээд Кэнзабуро Оэтой адилтгадаг ч эсэргүүцэгчид нь улс төрөөр наадаж, үнэ хүндээ өсгөхөөр санаархсан хэмээн муучилж явжээ.
Гэсэн ч барууны шүүмжлэгчид түүнийг Данте, Жойс, Борхестэй ам булаалдан зүйрлэх ажээ.
“Галт Улаан” хэмээх романд шахын ордны дөрвөн зураачийн тухай өвөрмөц хэлбэрээр өгүүлэх бөгөөд утга зохиолд хорхойсдог хүн бүхний уншваас зохих туурвилуудын нэг билээ. Энэ зохиолын хүүрнэл, өгүүлэмж нь тун чиг содон агаад Османы хаант улсын соёл урлагийн нэгээхэн толь хэмээлтэй. Романд өгүүлэх хайр дурлал, атаа жөтөө, түүхэн үйл хэрэг нь өнгө өнгөөр ялгарч нүднээ тодрох бэсрэгхэн зураг лугаа юм.
“Би  Шекюре”, “Намайг алуурчин хэмээнэ”, “Би нохой”, “Галт Улаан” хэмээх этгээд бүлгүүдтэй энэхүү зохиолд бүлэг бүрнээ баатруудын өмнөөс хүүрнэл хөвөрч, нэгэн дүр зураг болон тодрох ажээ. Зүйрлэвээс, энэ бэсрэгхэн зохиол нь нүд эрээлжлэм тансаг өнгөөр нэхсэн хивсийг санагдуулах агаад хайр дурлал, ур урлаг, домог хууч болоод хааны номын сан хөмрөг гээд нилээдгүй зүйлийг шингээжээ.
Ингээд “Галт Улаан” романы нэгээхэн хэсгээс толилуулъя.
***
Хэв маяг болоод гарын үсгийн тухай гурван домог
Алиф (араб цагаан толгойн үсэг)
Гератын уулнаа байх нэгэн цайзад уран зурагт бузгай дуртай нэгэн ван аж төрдөг байжээ. Үй олон татвар эмсээсээ нэгэн татаар бүсгүйг онцлон таашааж, шөнө болгон цэнгэх бөгөөд энэ сэтгэл нь эгнэгт бүү дундраасай хэмээх хүсэх бөлгөө.
Харин өдөртөө хос хоёр суут зураачдын уран зургийг үздэг байлаа. Вангийн ордны уран зургийн өргөөнөө суут зураачдын туурвилыг гаргууд сайн хуулбарлаж зурах нэгэн байсан нь вантан, татаар бүсгүй хоёроор эртний домгийн жаргалтай хосыг дүрсэлдэг байж. Энэ явдалд сэтгэл нь ихэд хөдөлсөн вантан сайхь зураачийг алт мөнгөөр мялааж, алдар сууг нь түгээх болов. Эд өлөг, алдар нэрэнд толгой алдсан зураач эртний мастеруудын зургийг хуулбарлаж аснаа умартаж, өөрийн хэв маягийг шингээх гэж л дээ. Тэгэвч энэ нь вантанд огтхон ч таалагдсангүй. Татаар бүсгүйн зургийг ажингаа нэг л өөр болсныг анзаарч, сэтгэл нь хөрч хэмээн сэтгэх болжээ. Чингээд сэтгэлт бүсгүйдээ хардуулж харамлуулах хүсэлд автсан ван хаан өөр нэгэн татвар эмтэй нэгэн шөнийг өнгөрөөв. Эл явдлыг дуулсан татаар бүсгүй өөрийгөө царс модонд дүүжилж энэ хорвоог орхиж одсон гэдэг. Харин вантан эл зурганд онцгой нэгэн хэв маягаа шингээх гэсэн зураачийн хүслийг мэдэрч, тэр л өдрөө өнөөх залууг сохолсон түүхтэй.

Ба (араб цагаан толгойн үсэг)
Дорнын нэгэн хүчирхэг гүрэнд зураг урлагт хорхойтой хөгшин Султан хаанчлах ажээ. Тэрбээр залуухан хятад бүсгүйтэй гэрлэж жаргалдаа булхаж байлаа. Залуу халуун хятад бүсгүй Султаны их хатнаас төрсөн хүүг илтэд таалахад бага хатанд эрхгүй татагдах ханхүү эцгээсээ ичиж эмээсэндээ өдрийн уртыг урланд өнгөрөөх болж. Шаналсан залуугийн зургийг хөгшин мастеруудын зурагнаас ялгахын аргагүй учраас Султан хүүгээрээ бахархах нь мэдээж шүү дээ. Нэгэнтээ хятад бүсгүйг “Зураг хөрөг нь хэдий сайхан ч гарын үсэггүй байх аваас он жилийн аяст олноо мартагдах нь гарцаагүй” хэмээсэнд хөгшин Султан “Мутрын үсгээ үлдээнэ гэдэг эх зургийг нь бүтээсэн хөгшин мастеруудын бүтээлийг өмчлөн хулгайлснаас өөрцгүй биш үү? Энэ нь өөрийн гэсэн хэв маягтай болох гэсэн санаархал шүү дээ” гэжээ. Хөгшин нөхрөө ятгаж дийлэхгүйгээ ухаарсан бага хатан ганихарсан залууг сэнхрүүлж, хэний ч анзаарамгүй буланд мутрынх нь үсгийг зуруулж дөнгөв. Чухамдаа “Хосров, Ширин хоёр”-ын домогт өгүүлснээр Хосровын ууган хөвүүн Шируйе гоо төгс Ширинд жолоо алдаж, шөнө дөлөөр эцгийгээ хөнөөх тэр л зурган дээр гарынхаа үсгийг үлдээж. Хүүгийнхээ зургийг үзэж суусан хөгшин Султан мутрынх нь үсгийг ялгаж харсан хэдий ч ойшоож үзсэнгүй. Гэсэн ч тэр зураг эх зурагнаасаа нэг л өөр байсан нь үлгэр домог бус жинхэнэ бодит үүх түүхийг үзэх мэт жигтэй сэтгэл төрүүлэв. Тэр шөнөө Султаны өргөөнөө сэм нэвтэрсэн ханхүү чинжаал хутгаа хөгшин эцгийнхээ цээжинд дальдчин байж дүрсэн гэдэг.

Джим (араб цагаан толгойн үсэг)
Хоёр зуун тавин жилийн тэртээ Казвин даяар номын бичвэр болоод уран зургийг машид дээдэлдэг байж. Казвины шах нуган үргүй юмсанжээ. Иймээс ч ганц охиноо ухаалаг зураачтай хань бүл болгож, хаан ширээгээ өв залгамжлуулахаар хүсч л дээ. Зургийн өргөөний авьяас билигт гурван залуу зураачаар шахын дуртай нэгэн зургийг зуруулав.
Ингээд шахтанд тоогдох чинхүү хүсэлтэй нэгэн зураач цэцэгсийн дунд гарын үсгээ үлдээжээ. Үүнийг анзаарч харсан гярхай шах эртний мастеруудын зургийг хуулбарласан өчүүхэн нэгний гарын үсгээ нууцлах зүрх зоригийг нь илтээ шүүмжилж, Хятад руу цөлж орхив. Улмаар үлдсэн хоёр зураачаар цагаан морь унасан үзэсгэлэнт бүсгүйн дүрийг зуруулах нь тэр. Гэтэл нэг зураач нь морины самсайг бага зэрэг өөрчлөөд зурчихав. “Өөрчлөлт гэдэг нь өөрийн хэв маягийн нэгэн илэрхийлэл бус уу?” хэмээн сэтгэсэн шах сайхь зураачийг аанай л Византий руу цөлж явууллаа. Харин уламжлалт ур урлагийн дэг жаягтай үл тэрсэх нэгэн зураач гүнжтэй гэрлэх болжээ. Хуримын өмнөхөн үзэсгэлэнт гүнж өнөө зургийг үзэж суугаад аавдаа өгүүлрүүн “Эртний зураачид уран зурагтаа хятад бүсгүйчүүдийг буулгадаг нь Дорноос ирсэн уламжлал билээ. Гэхдээ зураач хүмүүний сэтгэл хөдлөх аваас хайртай хүнийхээ жаахан ч атугай хэсгийг уран бүтээлдээ шингээж үлдээдэг дээ. Үүнийг нь зөвхөн сэтгэлт хоёр л анзаарч хардаг шүү дээ. Аав минь, би өдөржингөө л энэ зургийг ажлаа. Харамсалтай нь, зурган дээрх бүсгүйд надтай төстэй гэхээр юм даанч алга. Заяа холбох энэ хүмүүн хэдий билиг авьяастай зураач боловч надад огтхон ч сэтгэлгүй юм.” Охиныхоо ийн өгүүлэхийг сонссон эцэг шах хуримыг ёслолыг тэр даруй цуцалсан гэдэг.
-Гутгаар түүхээс үзвэл ёс жаягаас хазайх нь зураачийн донж загвар болохыг ойлголоо. Сэтгэлээ илчлэх гэсэн нууцхан хүслээс үүдэлтэй юмаа даа гэж Караг өгүүлэхэд нь:
-Үгүй дээ. Хэв жаягаас хазайх нь яван явсаар заншил болдог юм. Залуу зураачид эртний мастеруудын зургийг хуулбарлахдаа он оны эргүүлэгт яалт ч үгүй өөрийн донж маягаа шингээдэг.
Эхний домог хэв маягийг хэрхэн эвдэх тухай бол удаах нь жинхэнэ төгс зурагт ямар ч мутрын үсэг хэрэггүй гэдгийг бэлхнээ гэрчилнэ. Харин гутгаар түүх нь донж маяг, гарын үсэг гээч нь өөрийгөө дөвийлгөх гэсэн ойворгон, дэврүүн зангаас өөр юү ч биш гэдгийг ухааруулдаг даа. Энэ гурван түүхээс хэн болохыг минь мэдсэн биз ээ гэхэд Кара:
-Мэдлээ хэмээн итгэлгүйхэн хариулж билээ.
Уншигч авгай Карагийн үгээр үг хийх вий гэсэндээ өөрийгөө тодорхойлохыг зөвшөөрнө үү. Би Казвины эрт үеийн мастеруудын нэгэн адил зураг зурж, өнгө будгаар ялгахдаа даамай сайн. Би бусдаас хол давсан авьяас чадалтай нэгэн бөлгөө. Эцсийн эцэст Зариф-Эфенди сураггүй болсны учир л Кара манайд ирээ биз ээ. Гэсэн ч тэр явдалтай би огтхон ч холбоогүй.
-Золгүй Зариф-Эфенди хаагуур явааг мэдэхгүй биз? гэх нь бодол санааг минь баталсан гэлтэй.
“Золгүй амьтан! Алтлаг хүрээ хөвөөлөх өчүүхэн ажлыг ч зоосны нүхээр хардаг, онгод гээчийг огоорох мулгуу амьтан!” гэж бодсон ч:
-Мэдэхгүй ээ гэхээс өөр үг цухуйлгасангүй.
-Арай Эрзурумын номлогчийн талынханд хорлогдчихсон биш байгаа даа? гэвэл Зариф өөрөө номлогчийн даган баясагч болохыг хэлж төвдсөнгүй.
-Үгүй биз дээ. Тэгэх хэрэг бий гэж үү?

Зураач хийгээд цаг хугацааны тухай гурван түүх
Алиф
Гурван зуун тавин жилийн өмнө Монгол цэргүүд Багдад хотыг дүйвүүлэх үест Араб хийгээд Исламын улсуудад алдар суугаа түгээсэн Ибн Шакир хэмээгч уран бичигтэн аж төрж байжээ. Залуу халуун ч гэлээ тухайн үедээ алдартай номын сангуудад түүний бичсэн Кораны хуулбар болох хорин хоёр боть судар хадгалагддаг байж л дээ. Ибн Шакир цаг хугацаа нь эцэс хязгааргүй гэдэгт гүнээ итгэх агаад ном товхимлууд нь Шүүхийн эцсийн өдрийг үзнэ хэмээн боддог байлаа.
Гэтэл Монголын Хүлэгү хааны цэрэг дайчид Ибн Шакирын бүхий л гар бичвэрийг галдан шатааж, Тигр мөрний уснаа урсгажээ. Дэнгийн сүүмгэр гэрэлд шөнөжин ажиллах Ибн Шакир үүрийн шаргал туяанаар Халифа сүмийн довцог дээрээс өрнө зүгийн тэнгэрийн хаяа ширтэж нүднийхээ чилээг гаргана. Чухам ийм л нэгэн өглөө таван зууны үүх түүхтэй арабын ном бичгийн сувд эрдэнэ мэт сан хөмрөгийг Хүлэгү хааны догшин цэргүүд сүйдэлж, хүн амьтныг яргалж, эмс охидыг ичээж, нандин бичвэрүүдийг уснаа урсгахын ажигласан гэдэг. Тигр мөрний ус улаан бэхэнд будагдах тэрхэн агшинд сэтгэлээ чилээж туурвисан бүхэн нь ор мөргүй устаж үгүй болохыг олж харсан тэрбээр уран бичгээ нэр мөр орхихоор шуударч, уран зураг зурах болжээ. Түүнийг исламын уран зургийг үндэслэгч гэх агаад сүмийн довцог дээрээс харсан бүхнийг нь Аллахын мэлмийд тодорсонтой зүйрлэх авай.
Ибн Шакир хожмоо монгол цэргүүдийн ирсэн зүгт одож, хятад зураачдын арга барилаас суралцжээ.
Арабын уран бичигтнүүдийн цаг хугацаа хязгааргүй хэмээх энгүүн санаа ийнхүү уран зургаар дүрслэгдэв. Хүмүүн гээч амьтан ном бичвэрийг урж шатааж, устгаж үгүй хийх авч он цаг хуучрахад тэр бүхэн цаг хугацааны төгсөшгүй бод чанарыг илтгэх лугаа өөр нэгэн зохиол бүтээлд тусгалаа олж, олны мэлмийг баясгадаг шүү дээ. 

Ба
Бүхий л зүйл ээлж халаатай давтагдах агаад хэдийгээр хүн мөнх насгүй ч цаг хугацаа улиран одохыг анзаарах нь үгүй. Зураачид нэгэн ижил түүх зохиолуудад нэгэн хэвийн зураг зурсаар насаа элээдэг дээ.
Самаркандын Салимын тэрлэсэн товчоонд Фахир шахын цөөвтөр цэрэгтэй арми Селяхаттин ханы хүчирхэг армийг хиар цохиж, омогшиж бардамнасан Фахир шах Селяхаттины татвар эмсийг өөрийн болгоод, ном судрыг нь орвонгоор нь эргүүлж, хуудас бүрнээ өөрийн нэрийг мөнхлөх болсон тухай өгүүлдэг. Фахир шах судрын зургийг өөрийн хөргөөр солих болов. Гэсэн ч үзэсгэлэнт татвар Нериман Султаныг эзэрхийлж авахыг хүсэлгүй энгүүн яриа өрнүүлжээ. Нериман өөд болсон нөхөр хийгээд түүнийг дүрсэлсэн нэгэн домгийн чимэг зургийг хэвээр нь үлдээхийг хүсэмжилсэнд Фахир шах ёсоор болгосон гэдэг. Үнэн хэрэгтээ гоо үзэсгэлэнтэй Нериман Селяхаттин хантай дүрслэгдсэнд хардаж харамлах сэтгэлдээ бус, буурал түүхийн хуудаснаа Фахир шах бус, харин дарагдсан дайсан нь мөнхөрч үлдэнэ гэсэн сувдаг сэтгэлдээ таван жил шаналж. Ингээд нэгэн шөнө Нериманыг унтсан хойгуур номын сандаа сэм шургалж, тэрхүү зургийг засч орхилоо. Ажигч гярхай номын санч ур муутайхан засварыг анзаарч, зурагт дүрсэлсэн хүмүүнийг Фахир шахын заналт дайсан залуу халуун Абдуллах шах хэмээн сэтгэжээ. Цуу яриа хөрш улсын Абдуллах шахын сонорт хүрэхэд эр бяр нь амтагдсан залуу баатар Фахир шахыг дайлаар мордож, эхний тулаандаа л буулгаж авсан юм. Ингээд үзэсгэлэн төгс Нериман төдийгүй сувд эрдэнэс мэт номын сан нь түүнийх болсон гэдэг.

Джим
Зураачид Перс оронд Хорасаны Мухаммед хэмээн зард гарсан Стамбулаас гаралтай Узун Мехмет мастерийн тухай хуучлах дуртай. Зураач болоод цаг хугацаатай холбогдох нэгэн чухал ойлголт нь яахын аргагүй урт удаан амьдрал бөгөөд сохрох явдал бөлгөө. Есөн наснаас бийр будагтай зууралдаж, сохортлоо зуун арван жил энэ урлагт зүтгэсэн тэрбээр этгээд содон хэв маяггүй туурвиж байснаараа алдартай. Эртний мастеруудын зураг сэлтийг усны дусал мэт адилхан хуулбарлах агаад үүгээрээ ч нэрээ дуурсгасан нэгэн билээ. Чимэг зурагт энэ насаа зориулсан Узун Мехмет эгэл даруу явж. Хэзээд найрсаг зантай тэрээр элдэв хэрэгт хутгалдаж, эрх тушаал ахихыг хүсээгүйн зэрэгцээ үг дуу цөөтэй байжээ. Урлангаа төрөлх голомт шигээ хүндлэх Узун олон ч султаны нүүр үзэв. Хэн бугайд ч сэтгэл алдарч гэр бүл болж яваагүй Узун Тахмасп шахын (1514-1576 онд хаанчилж байсан Ираны шах) урланд байх үестээ хятад, хорватын эрлийз арван зургаан настай гоо төрхтэй туслах хөвүүнд дур алдаж, нэр хүндээ өсгөх атгаг санаа сууж, зуун жилийн ажин түжин амьдрал нь ч бүр мөсөн нурав. Зэвэргэн салхи жиндүүлсэн нэгэн өглөө хөгшин зураач сайхь хөвүүнийг ажиж суугаад маргааш нь найтаасаар сохорсон гэдэг. Чингээд хоёр өдрийн дараахан урлангийнхаа өндөр чулуун шатнаас хальт гишгэж хорвоогоос хальсан түүхтэй.
-Энэ гурван түүхийн утга учир нь юунд оршино вэ? гэх Карагийн асуултанд би:
-Эхний домгоос үзвэл зураач хүмүүний билиг авьяас цаг цагийн аяст л илхэнээ болох агаад ур ухаан шингэсэн зураг эгнэгт орших нь тодорхой юм. Гагцхүү төгс төгөлдөр бүтээл л буурал түүхийн хуудаснаа товойж үлдэхийг удаах түүх нотлох бус уу? Харин гутгаар түүхийн утгыг анд минь өөрөө тайл даа гэвэл:
-Гурав дахь домог нь эхний хоёр түүхийг нэгтгэн нийцүүлж, зураач хүмүүн сэтгэлийн амар амгалангаа алдваас үеэ өнгөрөөснөөс өөрцгүйг гэрчлэх буюу хэмээн Кара өгүүлрүүн.

Сохролт ба ой ухаан
Хүн төрөлхтөн зураг зурж эхлэхээс өмнө энэ хорвоо түнэр харанхуй байжээ. Зураг урлал устаж үгүй болвоос аанай л энэ харанхуй ноёлох болно. Өнгө будаг, авьяас билиг, чинхүү хайрын хүчинд Аллахын ивээсэн бүхнийг бид олж хардаг бус уу? Олж харснаа таньж мэдэх нь эргэн санахуй, үзэж дуулснаа сэрж мэдрэх нь танихуй бөлгөө. Аливааг ой ухаандаа шингээлгүй мэдэж мэдрэх нь харахуй буюу. Ингэвэл зурна гэдэг нь түнэр харанхуйг эргэн санахтай ижилхэн биз ээ.

Сохролт ба ой ухааны тухай гурван түүх
Алиф
Тебризийн цуутай зураач Шейх Али Анатолийн олтригийн зүүн хойд хэсэгт орших Каранкойюнлу хэмээх түрэг омгийн Султан Жихан-шах (1405-1467)-ын урланд байх ахуйдаа “Хосров, Ширин хоёр”-ын домогт гайхалтай чимэг зураг зуржээ.
Жихан-шах энэ судар нь эгэлгүй нэгэн бүтээл болохыг их ажлын ид дунд мэджээ. Тэрбээр хөрш зэргэлдээ Аккойюнлу ханлигийн захирагч Узун Хасан (1423-1478)-д жөтөөрхсөндөө заналт дайснаа хэмээн зарлах болж. Иймээс ч Узун Хасан бээр Шейх Алиг урвуулах вий гэсэндээ судрын ажил өндөрлөмөгц зураачаа хорлохоор шийдэв. Тэгтэл Жихан-шахын черкеш татвар эм Шейх Алиг сохлоход л хангалттай гэж. Сэтгэл нь ханасан Жихан-шах татвар эмийнхээ үгэнд орж, бараа бологчиддоо энэ тухай ам алдчихав. Хэдийгээр Шейх Али шахын санаархлыг олж мэдсэн ч судраа орхиж Тебризээс дутаасангүй. Гэсгээл шийтгэлээ хойшлуулах гэж өдөр хоногийг сунгалгүй чимэг зургаа хичээнгүйлэн зурсаар л байж. Жихан-шах судар номыг бүтээж дууссан тэр л өдөр суу билигт зураачийн авьяас чадлыг магтан сайшааж, алт эрдэнэсээр мялаасан ч эцэст нь сохолжээ. Үүрдийн харанхуйд автсан нүднийх нь өвчин намжаагүй байхад Шейх Али Узун Хасаныд хүрлээ. “Өдгөө би сохорсон ч, сүүлийн арван нэгэн жил бүтээсэн тэрхүү судрын чимэг зургийн дардас бүрийг тодхон санаж байна. Тиймээс ч энэ дурсамжаараа танд хосгүй нэгэн судар бүтээж барихыг минь хүлээж авна уу. Орчлонгийн бусармаг явдлыг олж харахааргүй болсон тул Аллахын таалсан гоо үзэсгэлэнг мэлмийд тань тольдуулья” хэмээхэд Узун Хасан түүнд бүрнээ итгэсэн гэдэг. Шейх Али ийнхүү нэгэн сод бүтээл туурвисанд омогшиж эрдсэн Узун Хасан эртнээс өсөрхөх Жихан-шахыг цэрэглэн дарж авчээ. Хэсэг хугацааны дараа тэрбээр Анатолийн олтригийн зүүн хойд хэсэгт орших Отлукбели хотын тулаанд Фатих Султан Мехметэд (Турк улсад 1432-1481 онд хаанчилж байсан султан) ялагдсан бөгөөд эгэлгүй хоёр судар манай Султаны эрдэнэсийн санд ирсэн түүхтэй. 

Ба
Доголон Төмөрийг (1336-1405) таалал төгссөнөөс хойш үр ач нар нь өөр хоорондоо хагаралдан тэрсэлдэх болжээ. Хөрш зэргэлдээ хот суурингаа эзэлж авснаар юун түрүүнд хөрөг зураг бүхий зоос цутгаж, залбирал үйлдэх агаад ном судруудыг хуудас хуудсаар нь салгаж, нэр төрөө мөнхлөн, ондоо нэгэн түүх зохиох нь жирийн үзэгдэл болов. Доголон Төмөрийн ач Улугбек (1394-1449)-ийн хөвүүн Абуллатиф Гератыг эзэрхийлсний дараахан эцгийнхээ дурсгалд зориулан нэгэн судар бүтээхээр шуударчээ. Газар газраас залсан уран бичигтэн, зураг урлаач, судар дэвтэрлэгчдийг ихээхэн шамдуулсны хар гайгаар өнөөх судрын эх адаг нь мэдэгдэж танигдахааргүй болов. Абуллатиф Гератын урдаа барьдаг зураачдад учир начрыг нь олохыг даалгасан ч өнөө хэд нь зөрөлдөж, судрын ажил бүр ч цалгарджээ. Ингээд тавин дөрвөн жил судар бүтээсэн хөгшин мастерийг залав. Хөгшин хэдийнэ сохорсон тул түүнийг хачирхаж тохуурхсан нэгэн ч байж. Хөгшин мастер долоон нас хүрээгүй, бичиг үсэгт тайлагдаагүй хөвүүн олж ирэхийг гуйлаа. Хөвүүнийг үзсэн зургаа тайлбарлах мөчид хөгшин мастер “Энэ бол “Шах-наме”-гийн Фирдоуси, өөд болсон Дараг тэврэх Искендерийн зураг. “Гулистан”-ы Саади, залуухан шавьдаа дурласан багшийн чимэг зураг” хэмээн зураг бүрийг эмхлэн цэгцлэв. Цэргээ дагуулан Гератад ирсэн Улугбек мастерийн оюун билигт сөгдөн биширвээс тэрбээр “Сохор хүний ой ухаан тэлдэг билээ. Чимэг зургийн сацуу домог түүх нь уураг тархинд үлддэг дээ. Зураачид үүнийг мэдэх ч чимэг зургийг нь анзаарахаас цаашгүй” гэжээ. “Долоон настай хүүхэд үүнийг мэдэхийн учир юү вэ?” хэмээвэл өнөөх мастер “Би бээр Аллах тэнгэр долоон настай хүүхдийн төсөөллөөр энэ орчлонг бүтээснийг мэдэх учраас энэ хөвүүнээр тайлбар хийлгэлээ. Аллах энэ орчлонг бүтээснийхээ дараа үг яриаг бэлэг болгон хүртээсэн юм. Гэтэл хүмүүн бид зураг чимгийг ердөө л өөрсдийн зохиосон үүх түүхийн дайвар төдийхөн зүйл болгосон шүү дээ. Үнэндээ зурах нь Аллахыг эрэн хайхын нэгэн илэрхийлэл бөгөөд орчлон ертөнцийг таньж мэдэх зэмсэг болно оо доо” хэмээжээ. 

Джим
Зураачид сохрохоос машид эмээх бөгөөд аль арга хэрэглэхийг тэр гэхэв. Жишээ нь, Араб мастерууд үүрийн гэгээнээр өрнө зүг ширтдэг бол Ширазын зураачид сарнайн дэлбээг нухаж хушгатай хольж иддэг байж. Харин суу билигт Бехзадын багш Гератын Сеийт Мирек сохрох нь Аллах тэнгэрийн ивгээсэн зол жаргал хэмээх ажээ. Ерөөс сохор зураачийн ой тойнд Аллах тэнгэрийн нүднээ тусах хорвоо ертөнц энгээрээ үзэгддэг гэдэг дээ. Зүйрлэвэл, маруухан зураач ч аливаа зүйлийг харж зурахдаа түүнээ ой тойндоо шингээх нь тухайн зүйл болоод зурсан зургаа нэгэн зэрэг харж болдоггүйтэй холбоотой. Сеийт Мирек “Нэгэн зүйлийг олж харах хийгээд цаасан дээр буулгахын хооронд ганцхан эгшин өнгөрлөө ч энэ бүхэн ой тойнд хадагдаж үлдэнэ” гэх ажээ. Мирекийг далан нас зооглоход Хюсейн Байкара Султан (Доголон Төмөрийн удмын сүүлчийн томоохон хаан, 1438-1506 онд хаанчилж байсан) үеэс үед уламжлагдаж ирсэн мянга мянган ном судар бүхий өргөөнөө залав. Гурван өдөр, гурван шөнийг эл өргөөнөө өнгөрөөсөн Мирек төдхөнөө сохорчээ. Түнэр харанхуйд орших болсон их мастер үүнээс хойш ярьж, зурахаа больсон гэлцэнэ. Аллахын цаглашгүй үеийг дүрслэн таниулсан гайхамшигт чимэг зургийг үзсэн зураач хүмүүн эгэл хүмүүнд зориулан туурвисан ном судруудыг эргүүлж төвдөхгүй гэдэг дээ. Сохор зураачийн ой ухаан Аллахын суу билигтэй хүрэлцэх аваас анир чимээгүй, тас харанхуй болоод эцэс төгсгөлгүй хөврөх судрын хоосон хуудсууд л тархинд үлдэх ажээ.

Кара зураг хөрөг болоод гэрийн минь эд агуурсыг сонжиж таалах гэсэндээ л Османы тухай яриа өдсөнийг гадарлаж байлаа. Гэсэн ч яриа хөөрөөнд минь чих тавин суух нь таатай. Эцэст нь би:
-Сохроно оо гэж ад зэтгэр хийгээд гэм зэмээс холуур жаргалтай оршихын нэр дээ гэж билээ.

1 комментарий:

  1. Энэ бүхнийг өөрөө орчуулсан уу?

    сонирхолтой байна шүү баярлалаа

    ОтветитьУдалить

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...